Үндсэн агуулга руу шилжих

Үйлчилгээний нөхцөл

Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 09 сарын 01

1. Ерөнхий зүйл

Гэрээч (gereech.mn, цаашид «Үйлчилгээ» гэх) нь гэрээ, нэхэмжлэх, дагалдах баримт бичгийг цахимаар бэлтгэх, бүртгэх, хянахад зориулагдсан хэрэгсэл юм. Та Үйлчилгээнд бүртгүүлж, ашигласнаар энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Үйлчилгээ нь хуулийн зөвлөгөө биш

Гэрээч нь баримт бичиг бэлтгэх техник хэрэгсэл бөгөөд хуулийн фирм, өмгөөллийн үйлчилгээ БИШ. Гэрээний загварууд нь түгээмэл хэрэглээнд зориулагдсан ерөнхий агуулгатай бөгөөд хуулийн зөвлөгөө болохгүй. Таны нөхцөл байдалд тохирсон эрх зүйн үнэлгээ шаардлагатай бол мэргэжлийн хуульчид хандахыг зөвлөж байна. Гэрээний эцсийн агуулга, түүний үр дагаврыг гэрээ байгуулагч талууд өөрсдөө хариуцна.

3. Бүртгэл

Үйлчилгээнд Google хаягаар нэвтэрнэ. Бүртгэлийнхээ аюулгүй байдлыг та хариуцна. Нэг бүртгэлийг нэг хэрэглэгч (хувь хүн эсвэл байгууллагыг төлөөлж буй ажилтан) ашиглана.

4. Төлбөр

Эхний 5 гэрээ үнэгүй. Түүнээс хойш сарын, жилийн багц эсвэл нэг гэрээний эрх худалдан авна — үнийг үнийн хуудаснаас харна. Төлбөрийг Wire.mn төлбөрийн системээр гүйцэтгэдэг бөгөөд Гэрээч таны картын мэдээллийг хүлээн авдаггүй, хадгалдаггүй. Ашигласан хугацааны төлбөр буцаагдахгүй; давхардуулж төлсөн болон техникийн алдаатай төлбөрийг шалгаж буцаана.

5. Таны мэдээлэл, баримт бичиг

Таны үүсгэсэн гэрээ, хавсаргасан файл таны өмч хэвээр үлдэнэ. Гэрээч таны гэрээний агуулгыг зөвхөн Үйлчилгээг ажиллуулах зорилгоор боловсруулна — зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй. Төлбөрт эрх дууссан ч урьд үүсгэсэн гэрээгээ үзэх, татах боломж хаагдахгүй — зөвхөн шинэ гэрээ үүсгэх нь эрхээс хамаарна. Хуваалцах линк нь нууц түлхүүр агуулдаг тул линкийг хэнд өгөхөө та өөрөө хариуцна; линкийг хэдийд ч хүчингүй болгож болно. Устгасан гэрээ хогийн саванд 30 хоног хадгалагдсаны дараа бүрмөсөн устана.

6. Мэдээллийн аюулгүй байдал

Мэдээлэл шифрлэгдсэн сувгаар (HTTPS/TLS) дамжиж, хандалтын эрхийн хяналттай санд хадгалагдана. Харилцагч гэрээг зөвшөөрөх мөчид файлын SHA-256 баталгааны код серверт тэмдэглэгдэх бөгөөд энэ нь зөвшөөрөгдсөн хувь хожим өөрчлөгдөөгүйг нотлох хэрэгсэл болно. Дэлгэрэнгүйг Аюулгүй байдлын хуудаснаас үзнэ үү.

7. AI туслах ба таны өгөгдөл

Загвараас талбар таних, гэрээний хяналт зэрэг AI функц ашиглах үед тухайн баримтын агуулга Anthropic-ийн API-д боловсруулагдана. Anthropic нь бизнес хэрэглэгчийн өгөгдлийг AI загвар сургахад ашигладаггүй. AI функц ашиглах эсэх нь таны сонголт — ашиглаагүй тохиолдолд гэрээний агуулга AI-д илгээгдэхгүй. AI-ийн гаргасан үр дүн (талбарын утга, хяналтын дүгнэлт) нь зөвлөмжийн чанартай бөгөөд эцсийн шалгалтыг та хийнэ.

8. Цахим зөвшөөрлийн статус

Харилцагч линкээр нэрээ оруулж «Зөвшөөрөв» дарах нь гэрээний төслийг хүлээн зөвшөөрсний бүртгэл (огноо, нэр, баталгааны код) үүсгэнэ. Энэ нь Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуух тоон гарын үсэг БИШ тул хуулийн өндөр шаардлагатай гэрээнд гарын үсэг зурсан хувь (цаасан эсвэл тоон гарын үсэгтэй) шаардлагатай хэвээр. Гэрээч уг бүртгэлийг талуудын харилцааны нотолгоо болгон хадгална.

9. Зохисгүй хэрэглээ

Үйлчилгээг хууль бус зорилгоор, бусдыг төөрөгдүүлэх баримт үйлдэхэд, эсвэл системийн хэвийн ажиллагааг алдагдуулахад ашиглахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд бүртгэлийг түдгэлзүүлэх буюу хаах эрхтэй.

10. Хариуцлагын хязгаарлалт

Үйлчилгээг «байгаа чигээр нь» үзүүлнэ. Гэрээч нь загварын агуулга, таны оруулсан мэдээллийн үнэн зөв, гэрээний биелэлт, талуудын хоорондын маргаанаас үүдэх хохирлыг хариуцахгүй. Аливаа тохиолдолд Гэрээчийн нийт хариуцлага таны сүүлийн 12 сард төлсөн төлбөрийн дүнгээс хэтрэхгүй.

11. Нөхцөлийн өөрчлөлт

Нөхцөлд өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэчилж, огноог тэмдэглэнэ. Томоохон өөрчлөлтийг бүртгэлтэй имэйлээр мэдэгдэнэ. Өөрчлөлтийн дараа Үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

12. Холбоо барих

Асуулт, санал: mail@gereech.mn